ӨМНӨХ ҮГ

Ахмад алдарт эмчийн содон туршлагын дээж оршсон Монгол оточийн билигийн чуулган амилан бослоо. Энэ дээж бичигийн дээд дэвтэрт Өвөр Монгол, Шинжаан, Хөх Нуур, Гансу, Нинся, Ляонин, Гирин, Хармөрөн зэрэг найман муж ороны арван есдүгээр зуунаас хорьдугаар зууны хоорондохи зуун нэрт эмчийн эмчилгээний туршлагын ханд дээжлэгдэж, хамарсан газар орон өргөн, судалсан цаг хугацаа урт, багтаасан агуулга элбэг баялаг болсон байна.

Монгол анагаах ухаан бол Монгол үндэстэний соёлын баялаг өвийн нэг мөн мөртөөн урт удаан оны гялалзсан түүхтэй юм. Чүн Чиүгийн үеийн Хятадын анагаах ухааны сурвалж судар Нэй жин бичиг-т Монгол анагаах ухааны тухай тэмдэглэсэн байдаг явдал үүний нэгэн гэрч биз. Энэхүү урт удаан түүхэн хугацаанд Монгол анагаах ухаан уламжлалт эмчилгээний туршлагынхаа суурин дээр Хятад, Төвд зэрэг ах дүү үндэстэн болон Энэтхэг зэрэг улсын анагаах ухааны онол ба бүтээлийн бүтээлчээр шингээн авч, уламаар төгөлдөржин бүрилдээд, үндэстэний онцлог бүхий биеээн даасан нэг төрөлийн анагаах ухаан болсон байна. Ялангуяа арван зургаадугаар зууны сүүлчээр Төвдийн Дөрвөн үндэс шарын шашныг дагалдан Монгол оронд нэвтэрч, арван долоодугаар зууны сүүлчээр Энэтхэгийн том зохиол Данжуур монгол хэлэнд орчуулагдсан ба сүмийн харъяа Манба дацан гэдэг эмнэлэгийн сургууль олон газар байгуулагдсан зэрэг явдал Монгол анагаах ухааны онолын системчлэх, монгол анагаах ухааны эгнээ бузгайрахад зохих ач холбогдол үзүүлсэн юм.

Сүмийн харъяа Манба дацануудын дотор Ордосын Арвисын Манба дацан, Монголжины Гэгээн сүмийн манба дацан хамгийн нэртэй. Монгол оронуудад байгуулагдсан эдгээр сургуулиуд хэдийгээр бурхан шашины хүмүүжилийн хэлбэртэй, цөм лам шавь нартай байсан боловч тухайн эриндээ Монгол анагаах ухааны сурган хүмүүжлийн суурин газар болж байжээ. Чөлөөлөгдсөний дараа намын үндэстэний төрийн бодлогын ачаар тархай бутархай малжих оронд өвчин үзлэгийн газар, хамтарсан эмнэлэгийн хороо, Монгол эмнэлэг судлах газар, Монгол эмчийн дэвшин боловсрох анги зэрэгийг анх эрхлэхэд зонхи нь энэ талын хүмүүжил боловсролыг хүртсэн лам эмч нар чухал голлох хүч болсон юм. Шил нь хантарч, нүд нь цайвайсан тахалтай хүүхэдийг нэг л ширхэг мөнгөн зүүгээр аварч, заслага мухардсан бэрх ужиг өвчнийг эв энгийн хямд хялбар тан, талх эмээн улируулан зарж байгаад эдгээчих, түргэн төс өвчнийг хэдхэн тун, хэдхэн үрэл эмээр засчих тэдэнд мун үгүй. Зам харицаа төхөмгүй, нөхцөл барагтай хөдөөдөө тэд мөн ч эх баригч, мөн ч яс баригч, мөн ч дом засалч билээ. Эмэгтэйн өвчин, хүүхэдийн өвчин, дотрын өвчин, гадрын өвчин... аль алиныг ч цааш гэж түлхдэггүй, хувилгаантай юм шиг судал сайн барьж, шидтэй юм шиг эм сайн зарж, өдөр бол өдөр, шөнө бол шөнө заллага ирсэн газар тэнд эмч байдаг учиртай. Тэд бүр арга билиг, таван махбодын сургаалаар суурь болсон, хий, шар, бадганы онол, долоон тамирын онол, халуун хүйтэний онол, цул савын онол, үндсэн зургаан өвчиний онолд адил бус хэмжээгээр нэвтэрч, бодитой эмчилгээний мэргэжилд цагаарсан, наагуй сайн гарын авлагатай эмчнүүд байсан нь илэрхий. Эдгээр ахмад үеийн алдарт эмч нар Монгол оронд огторгуйн одон мичид шиг түгэж, үйлдлэгийн дунд тоо томшгүй ховор нандин туршлага хуримдуулж, Монгол анагаах ухааны өвийг баяжуулж, ард түмэний эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэхэд томоохон гавъяа зүтгэл үзүүлсэн боловч, ертөнцийн мөнх бусын эрхээр одоо нэг нэгээрээ нас ахиж, зарим нь хойно хойноосоо таалал төгсөн, гэгээрэх үеийн мичид шиг уламаас улам цөөрч бүхий явдал үнэхээр харамсалтай. Утай, Гүнбүм нэрт хийдийг элээн байж баясалгасан тэдний анагаах ухааны онол, улаан цоортол олныг тойрсон эмчилгээний баялаг туршлага маньд амьд цагаан сувд шиг үнэ цэнэтэй хирнээ тэр бүхэнээрээ үлдэгдэн хоцорч үгүй, харин зарим нэг хэмжээнээ эрдэм нь эзэнтэйгээ энэ ертөнцөөс тэлэрч буй билээ.

Хуучин юм ул болж, шинэ юм зул болдог. Эрт дээдээс хөрөнгөшиж идээшиж ирсэн уламжлалт анагаах ухааны өвийг залгамжлан авч цаашид шинийг үүдэж хөгжүүлэх гэгч бас ч хатуу бэрх урт хугацааны ажил байх ёстой. Шинэ Дундад улс байгуулагдсанаас нааш Монгол анагаах ухааны суурин хүмүүжил үтэр түргэн хөгжиж, таван зуу шахам оюутан, зургаан зуу гаруй дунд зэрэгийн тусгай мэргэжилийн эмч хүмүүжүүлэн гаргасан гэдэг боловч чухам энэ дөч гауй жилд хүрвэл зохих хэмжээндээ хүртэлээ хөгжиж чадсан эсэх, тоо ба чанарын талаар давалттай эсэхийг бас гүн бодууштай юм. 17-р зууны үеийн Лувсанданзанжалцан, 18-р зууны үеийн Ишбалжир, Лувсанцүлтим, 19-р зууны үеийн Миндол номон хан Жамбалчойжиданзанпэрэнлэй гэх мэт алдарт анагаах ухаантаныг манай цаг эрин мэндлүүлж дийлсэн эсэхийг гүн сэтгэж үзүүштэй буйяаа. Эдгээр асуудалыг түүх хожим жам хуулиараа төв голч үнэлэлт өгөх учиртай. Монгол анагаах ухааны талаархи хэвлэлийн ажил ч чөлөөлөгдсөнаас нааш ихээр хөгжиж, эм эмнэлэгийн дээд сургуульд хэрэглэх Монгол анагаах ухааны заах бичиг системэй хэвлэгдэж байхаас гадна, анагаах ухааны өвийн маш олон сонгодог зохиол, тухайлбал төвд хэл дээр зохиогдсон Анагаах ухааны дөрвөн үндэс, Монгол эм эмнэлэгийн түүвэр, Эрдэнийн сан, Монгол эмнэлэгийн төхөм найрлага, Монгол эмнэлэгийн уламжлалт жор, Алтан хадмал зэрэг монголоор орчуулагдан хэвлэгджээ. Ялангуяа манай Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжилийн хэвлэлийн хороо энэ талын ажлыг туйлаар хүндэтгэн үзэж, 1985 оноос наашхи охорхон дөрөв таван жилийн хугацаанд Эм засалын саран хаан, Аливаа өвчинд туслагч алтан арүрагийн цоморлиг, Анагаах ухааны язгуурын үндэсний тайлбар, Зарлиаар тогтоосон Хе ти чиуан лу бичиг зэрэгийг төвд хэлнээс монголчилсон буюу хуучин модон бар хэвлэлийг үндэслэн тайлбарлан цохолж, бүр гоё хавтастай хэвлүүлж тархаав. Үүний зэрэгд Дундад улсын анагаах ухааны нэвтэрхй толь-Монгол анагаах ухаан (дээд, доод), Өвөр Монголын Монголын эмийн найрлагын баримжаа, Өвөр Монголын Монгол эмийн материалын баримжаа зэрэг нилээд чанар чансаатай зохиол бүтээлүүдийг хэвлүүлсэн байна. Гэвч энэ бол зөвхөн манай хийвэл зохих ажилын хэсэг бүлэгхэн төдий гэдэгийг бид мэдэж байна. Цагийг амжиж хийвэл зохих ажил өчнөөн төчнөөн байх бөгөөд ялангуяа ард олоны дунд идээшиж хөрөнгөшсөн, үндсэн шатаны ахмад алдарт эмч нар үйлдлэгэний дунд баяжуулж хөгжүүлсэн уламжлалт эмчилгээний мэргэжилийг хумж цуглуулж, эмхэтгэн найруулж хэвлүүлэх явдал нийгэмийн бөгөөл цагийн чанартай бачим ажил гэдэгийг бид ер мартаж болохгүй. Манай хурааж цуглуулах юм, хэвлэж тархааж дэлгэрүүлэх юм ард нийтийн дунд уурхай мэт баялаг байна. Шинэ Дундад улс байгуулагдсанаас нааш дөч гаруй жил болж, Монгол анагаах ухааны үйлс хөгжилтийн шинэ шатанд орсон боловч олон мэргэдийн туршлагын хандыг, үүнд онцгойлон Монгол анагаах ухааны үйлст насан турш зүтгэсэн нэгэн үеийн алдартай ахмад лам эмч нарын эмчилгээний содон мэргэжилийг цагийг амжин нийтэмийн чанартай эмхэтгэж дүгнэсэн хураангуй дээж бичиг хараахан хэвлэгдээгүйд харамсаж байна. Өнгөрсөн нэг хугацаанд энэхүү ажил хажуу нэг талд омтгойлдсоноос болж бид өчнөөн төчнөөн үнэт зүйлээ харж байгаад алдаж орхисон байж мэдэх билээ. Монгол ороныхон эрт дээдээсээ хөрсөн дээрхи аргалыг түүхийг мэдсэнээс биш хөрсөн доорхи алтаа уудлахыг мэдэлгүй явсан жишээ Монгол анагаах ухааныханд ч тохирном болов уу үгүй юү? Тус Монгол оточийн билигийн чуулганыг хурааж цуглуулж, эмхэтгэн найруулж хэвлэх гэж зүтгэсэн манай уг санаа зорилт үүнд оршихыг хожимын мэргэд гэгээндээ толилном буйзаа.

Энэхүү Монгол оточийн билигийн чуулганыг бид 1986 онд сэдэж, сэдэвчилсэн төлөвлөгөөндөө оруулсанаас нааш, энэ ажилыг үтэр түргэн биелүүлэхээр шүглэж, дөрвөн зүгийн халуун тусламжийг гуйн бидрэн гүйлээ. Чармайлага хүнийг үтээрхдэггүй нь үнэнтэй. Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургууль, Өвөр Монголын Жирим аймагийн Монгол эмнэлэг судлах газар маньд хүчтэй дэмжлэг хайрлаж, тус номын эх бичигийг дөрвөн зүг найман зовхисоос элсэж цуглуулан, эмхэтгэж найруулах ажилыг амжилттай биелүүлсэнд бид чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Ялангуяа Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургуулийн захирал, алдарт ахмад монгол эмч, профессор Сүрэнжав гуай, Өвөр Монголын Жирим аймагийн Монгол эмнэлэг судлах газарын дарга, голлогч эмч Баяр нөхөр, Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургуулийн Монгол эмнэлэгийн салбарын дэд эрхлэгч, дэд профессор Иүй нөхөр, Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургуулийн шинжлэх ухаан судлалын газрын дарга, дэд профессор Цагаанбарс нөхөр, тус номын найруулах комиссын эрхлэгч гишүүн, дэд эрхлэгч гишүүний тушаалыг тус тус үүрэглэж, бодитой эмхэтгэж найруулах ажилыг чанар чансаатай гүйцэтгэсэнийг энд тэмдэглэе.

Монгол оточийн билигийн чуулганыг эмхэтгэж найруулах үндсэн арга, зарчимыг бид гурван байгуулгын (Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжилийн хэвлэлийн хороо, Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургууль, Өвөр Монголын Жирим аймагийн Монгол эмнэлэг судлах газар) хамжицааны хурал ба тус номын найруулах комиссын тусгайх хуралаар ярилцан тогтоосон юм. Үүнд тус дээд дэвтэрт орох зуун нэр эмчийг сонгохдоон голдуу нас сүүдэр жар давсан, хошуу аймагтаа алдар хүндтэй, ямарнэгэн зүйлийн өвчинийг эмнэн засахад гарамгай буюу ямар нэгэн гар авлагад мэргэшингүй амид сэрүүн байгаа алдарт эмч нараар гол болгох, хэдийгээр жар хүрээгүй боловч үв үнэнхүү үүдэлт нээлттэй, улс буюу ороны дэсийн шагнал, хөхүүлэл хүртэсэн, өндөр зэрэгийн цолтой онц цөөн тооны эмчийг дэсээс давуулан харгалзах, аймаг буюу ороны хэмжээний алдартай, Монгол анагаах ухааны үйлст гавъяа зүтгэлтэй нас нөгцсөн алдарт эмчийг ч зохих харьцал эзлэхээр үндэслэн зарчим болгосон бөгөөд эмчилгээний үйлдвэр, эмчилгээний жуух, нууц жор, туршлагат жор, уламжлалт гарын авлагаар агуулгыг голдлого болгов. Эдгээр агуулгын хэмжээнд эмч бүрээс төлөөлөх чанартай, үнэн бодитой, бүрин бүтэн бөгөөд эмчилгээн дээр дэлгэрүүлэн хэрэглэх үнэ цэнэ бүхий зохиол 1-2 жишээ сонгосоны дагууд тус тусынх нь өөрийн онцлог бүхий гарын авлага, эрдэм шинжилгээний өвөрмөц үзэлт зэрэгийг хадаглах, шинжлэх ухаанч чанар ба логик чанарыг батлах урьдал доор чадах чинээгээр цомхтогон найруулж, нийтэд нь хэлбэржүүлэхийг хичээсэн юм. Үүний хамт эмч бүрийн товч намтар, гэрэл зурагыг өмнө нь хадаж, хойшидын эрдэм шинжилгээнд баримт, лавлах болгохыг зорилоо. Иймэрхүү номыг эмхэтгэж найруулсан туршлага бидэнд хомс бөгөөд цаг, нөхцөл хязгаартайн харгаагаар зарим талд санаа байгаад оноо эс хүрсэн тул сааруу дулимаг зүйл өдий төдий байх нь дамжиггүй. Гэвч энэхүү оролдлого минь нэгэн зүлийн идэвхи эхлэлт, сэдлэгэ болох төдий болхоор өршөөл сайт уншигчид минь гэгээндээ илүүхэн соёрхож, содыг нь авч солиуг нь орхих овороор шүүмжлэлтэй толилохын зэргэд дараачийн хэвлэгдэх доорд дэвтэрт минь үнэт зөвөлгөө хайрланам болов уу!

No comments:

Post a Comment

Free Hit Counter