НЭГЭН МОНГОЛ ЭМЧИЙН ТУХАЙ

Энэ бол Tibet Review сэтгүүлийн 1976 оны дугаарт гарсан Оливиа де Холлевилле хэмээх хүний бичсэн Энэтхэгт амьдарч байсан нэгэн Монгол эмчийн тухай доор тавьсан англи өгүүлэлийн монгол орчуулга юм.

Хэдий зуун насыг насласан ч гэлээ ихэнх дунд эргэм насны эрчүүдээс илүү цоглог харагдах нь түүний нэгэн үзүүрт сэтгэлээр самади бясалгалд шамдсаны үр дүн гэдэг нь илэрхий. Өөрийнхөө үеийнхэний хувьд бол тэрээр эрүүл нэгэн билээ. Хэний ч гарыг харалгүйгээр ойролцоох ойгоос түлээ түлш бэлтгэх, жижигхэн талбай дахь ногоогоо арчилан, энэхүү аглагт суугч Согбу эмчийн алдарыг сонсоод хаяахан ирэх өвчтөнийг эмчлэх тэргүүтэн бүхнийг өөрөө амжуулдаг ажээ. Төвдөөр Согбу эмчи гэдэг маань Төвд эмнэлэгийн монгол эмч гэсэн утгатай юм байна.

Эрүүл саруул сэтгэл тэнэгэр амьдарч байгаа энэ зуун настай эмчийн нууц нь юу байгаа бол гэж сонирхон харж суухдаа ийн асууж түвдэхгүй байлаа би.

Цүлтим гуай Өвөр Монголын Куан Тун Хүрээ хэмээх газарт нэгэн язгууртан гэр бүлийн долоон хүүхэдийн нэг нь болж мэндэлжээ. Арван гуравтайдаа нутагийнхаа Монгол сургуульд орж гурван зүйлийн монгол үсэг, төвд, хятад бичиг болон анагаах ухааныг сурчээ. Хожим шашин номонд хүчтэйгээр сүсэглэн засгийн газарт хашиж байсан чухал албаа орхиод найман өдөрийн аяны зайтай байдаг зэргэлдээ гацаа руу оргон явжээ. Сүүлд эцэг Самбуу хэмээх эгэл хорвоогийн нэгэн бээр түүнийг олж аваад гэртээ харихыг ятгахад Цүлтим шулуухан татгалзаж, шашин номын мөрийг хөөхийн тулд лам хувраг болохыг хүсчээ. Эцэс сүүлдээ эцэг нь хүүгийнхээ үгийг зөвшөөрөн сонгосон шашиныхаа ёс жаягыг чанд сахихаарай гэж хэлээд авчирсан зүйлсээ бүгдийг өгсөн гэнэ. Тэр нутгийн сүмд зургаан сар суусныхаа дараа жинхэнэ ном үзэхийг хүсэгч Монголчуудын нэгэн адил Хөх нуураар дамжин Төвдийг зорьжээ. Амдогийн Лавран Дашчил хийдээд таван жил шавьлан сууж шашны үндсэн мэдлэгийг олж авсаныхаа дараа Лхаса руу аялан тэндээ хорин таван жил болж Шалгадагын ухаан, Асанга, Чандрагирди, Дармагирди нарын шашдирууд тэргүүтэн бурханы шашины бүх судар шашдир болон үндэс тарнийн номуудад алдар цуут Бэрээвэн хийдэд шавьлан сууж суралцажээ. Ингэж суралцахын хажуугаар тэр үедээ өөрийнхөө анагаах ухааны мэдлэг туршлагаа байнга тэлж байсаар дамжаа барьж гэвш болсон байна. Түүний дараагаар Төвдийн тарнийн ёсны хоёр алдарт дацангийн нэг Жүдмад дацанд найман жил шавьлан Бурханы шашны нууц тарнийн ёсонд суралцжээ.

Түүний дараа маарамба гуай маань янз бүрийн багш нарыг шүтэж төрөл бүрийн номыг тэднээс хүрсэнийхээ дараагаар урт удаан хугацааны турш ганцаар аглаг агуйд бясалгал даянд суусан байна. Тэрээр Монголын Чойнзолин ринбочи хэмээх ламаас жодын дамжлагыг авч, жодын ёсны дагуу 108 булаг, 108 үхээрийн газарт жарз хийж, тэгээс доош хэмтэй хүйтэнд шөнөөр сууж бясалгал хийж хээрээр гэрээ хэцээр дэрээ хийж явж байжээ. Төвдөд өөрийнхөө ихэнх эрч хүчийг бясалгал бүтээлд зарцуулахад дурлаж, хоол унд хийх тэргүүтэнээр цаг заваа үрэхийг хүсдэггүй даянчид голдуу эгэл хорвоогоос ангид хол оршин жижигхэн агуйд тусгайлан бэлтгэсэн үрэлээр хоол хийн амьдардаг. Гэхдээ ингэхийн тулд багшаасаа тусгай зөвшөөрөл авсан байх хэрэгтэй байдаг ажээ. Энэхүү “хүнсний” үрэлийн үр дүн нь хангалттай сайн байдаг хэмээн энэ үрэлээр хоолоо хийдэг эмч маань батлаж байлаа. Энэ “хоолон” үрэлийг жүдлэн гэх агаад эдүгээ цөөнөх эмч нар л мэддэг тарнийн ухааны бүтээл юм байна. Жүдлэн гэдэг нь шим авах гэсэн утгатай бөгөөд хүнс хоол бүхэн өөрийн шим хийгээд махбодоос бүрдэж, тэрхүү шим нь шороо, ус, гал, хий гэсэн махбодоос бий болдог байна. Хэрвээ хэн нэгэн тэдгээр дөрвөн махбодын шимийг сэтгэлээрээ хэрхэн авахыг мэддэг болвол урт насыг бүтээж, эгэл махан биеийг номын бие болгон авах дээдийн хоол болдог байна. Хамгийн сайн хоол бол чулуу эсвэл цэцэгийг нунтаглан үрэлдээд шимийг нь авах юм байна. Элдэв зүйлийн шим авах найрлагууд тантарын үндэсний номуудад гардаг бөгөөд эгэл махбодоос ангид байх, залуужих, үрчлээс арилах, бууралтсан үс хуучин хэвэндээ орох, нас урт болох тэргүүтэн бусад тус эрдэмтэй байдаг байна.

Эмч гуай эдгээр бясалгал бүтээлийн авшигыг хүртэж, жүдлэнг бэлтгэхийг бүхэлд нь мэддэг болсон байна. Одоо ч тэдгээр үрэлүүдийг хийж чаддаг бөгөөд ордог жорууд нь дан гагч түүний нутагт нь байдаг бус энэ нутгийн Гималайн нурууны хоргүй цэцэгүүдийг найруулдаг байна. Гэсэн хэдий ч орчин үеийн материаллаг ашиг тусыг хайгчидад энэ мэтийн үнэт эрдэмийг дамжуулан өгөх боломж тун ч бага байх даа.

Төвд эмч оточ нар хэзээ ч үнэ хөлс авч эмчлэхгүй байх номтой байдаг. Гэвч сэтгэл ханамжаа илэрхийлэн өвчтөнүүд эмчдээ зоос мөнгө, хувцас хунар, хоол унд барьж болдог. Өөр бусад эмч хүний авах тангараг санаваар бол эмийн найрлагыг буруу найруулахгүй байх, амьтаны амь таслахын тухайд эм өгөхгүй байх, өвчтөнийг алагчлах үзэхгүй байх (заримд нь “сайн” эм заримд нь “муу” эм өгөх зэрэг), согтуурах мансуурахгүй байх, хамаг амьтаныг алагчлалгүй нигүүлсэн үзэх тэргүүтэн юм байна.

Эмч гуай одоо өвчтөн эмчилдэг үү?
Цүлтим эмчийн ой ухаан нь жаахан суларсан тул чухам өвчин эмчилсэн түүхээ яг сайн санахгүй байгаа боловч “саяхан” нэгэн цэрэгийн дарга Мадрас хотоос надтай уулзахаар ирж байсан гэж байлаа. Тэр хүн Энэтхэг, Европ бүх эмнэлэгээр явж эмчлүүлсэн боловч бүгд үр дүнгээ өгөөгүй гэж байжээ. Хоёр долоо хоног миний найруулсан эмийг уугаад тэр хүн бүрэн төгс эдгэрч байсан. Дараа нь тэр хүн Ассамын хилийн ойролцоо шилжих үедээ хүнд өвчтэй нэгэн цэрэгтэй танилцаад над руу илгээж байсан. Тэр цэрэг ч одоо миний эмийг ууж байгаа гэж байлаа.

Эмч гуай урьд нь Энэтхэгт эмийн ургамал цуглуулах болон эргэл мөргөлөөр ирдэг байжээ. 1949 онд Энэтхэгт ирээд Төвд рүү буцах гэтэл Хятадууд Төвдийг эзлэж байгааг мэдсэн гэнэ. Түүнээс хойш Сикким Төвдийн хилийн ойролцоох Калимпон хотод гуч гаруй жил амьдарч байгаа юм байна. Олон эмийн ургамал бодисууд орон нутагаас олддог бөгөөд өөрийнх нь авчирсан тусгай эм нь одоо болтол дуусаагүй байгаа гэнэ. Тийм учираас тэрээр эм эмчилгээгээ үргэлжлүүлэн хийсээр байгаа юм байна. Энэ нь анагаах ухаан зөвхөн Төвдийн ард түмэнд зориулагдсан биш хамаг амьтаны төлөө зориулагдах хэрэгтэй гэсэн Оточ Манал бурханы сургаалтай нийцэж байгаа ажээ.

Эмч гуай Монголоос явсанаасаа хойш хэзээ ч буцаж хариагүй байгаа бөгөөд одоо Монгол руу нэвтрэхэд амаргүй болж, гэр орон, хамаатан саданаасаа ямар ч сураг чимээ аваагүй байгаа гэнэ. Борооны улиралаар гоождог дээвэр мэтээс өөр түүнд гомдоллоод байх юм цөөн байдаг. Гэвч дусал гоожсон агуйдаа бясалгалаа хийж чадсаар байдаг байна. Эрүүл мэндийн хувьд дажгүй сайн, хэрэгтэй бол өөрийнхөө найруулсан эмнээсээ уучихдаг юм байна. Ядрах, хоолонд дургүйгээс бус 100 настай ажилч хөдөлмөрч ламын хувьд нилээд сайн байлаа. Түлээ түлш зөөх, ногоогоо арчилах болон бусад гар хөлийн үзүүрийн ажлаар цагийг нөгцөөсөөр байдаг байна. Шашин номын төлөө эгэл амьдралаас зугтаахаар шийдсэнээс хойш ухаан санаа маань ганц агшин ч дэмий сэлгүүцэж байсангүй гэж эмч гуай ярьж байв. Түүний хувьд анагаах ухаан гэдэг бол мэргэжил бус харин зовлонт амьтанд туслах нэгэн арга юм байна. Эдүгээ юунаас илүүтэйгээр Бурхан багшийн мөрөөр замнаж, үнэнчээр зүтгэж байгаа бүхэнд олддог бурханы хутаг хийгээд төгс гэгээрэлд хүрэхийг батайгаар зорьж байгаа юм байна.

No comments:

Post a Comment

Free Hit Counter